Аж ахуйн нэгж, түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, лого бол бизнесийн нэгээхэн үнэ цэнэтэй хэрэгсэл билээ.
Өөрөөр хэлбэл БРЭНД бол таныг бусдаас ялгах гол зэвсэг.
Тэгвэл зах зээл дээрх ширүүн өрсөлдөөн дунд зэвсгээ хамгаалахын тулд юуг анхаарах ёстой вэ?
1. Түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаална
Брэнд нэрийг хамгаалах нь таны сайн дурын шийдвэр. Тиймээс түүнийг бусдаас өрсөж л Оюуны Өмчийн Газарт бүртгүүлэх хэрэгтэй. Мэдээж жинхэнэ эзэн нь шүү.
2. Бусдыг дуурайхгүй байх
Ингэхдээ мэдээж бусдын нэр, логог дуурайж төөрөгдөлд оруулахгүй байх нь чухал.
Бизнесээ илтгэх зөвхөн өөрийн брэндийг бүтээ!
3. Бүтээгдэхүүн, үйлчилгээг тайлбарлаагүй байх
Жишээ нь би талхны цех ажиллуулдаг байлаа гэж бодъё. “ТАЛХ” гэдэг үгийг өмчилчихвөл шударга бус шүү дээ. Тиймээс түгээмэл хэрэглэгддэг, тайлбарласан үгнээс зайлсхий! (үүнд гоё, амттай, ориг гэх мэт үгс багтахыг анхаарна уу).
4. Бүртгэлтэй эсэхийг шалга
Өрсөлдөгчид тантай ижилхэн сэтгэдэг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс барааны тэмдгийг мэдүүлэхээсээ өмнө ОӨГ-т бүртгэлтэй эсэхийг шалгаад үзээрэй.
5. Ингээд эцэст нь Барааны тэмдгийн эрх зүйн зохицуулалтын талаар уншаад үзээрэй гэж зөвлөе. Энд тавигдах шаардлага, хэрхэн мэдүүлэг гаргах зэрэг бүх мэдээллүүд бий.
Жич: Гадны бүтээгдэхүүн, үйлчилгээ импортлон оруулж ирж байгаа тохиолдолд дээрх зөвлөгөө хамаарахгүй.
Мөн Барааны тэмдгийн мэдүүлэгт шаардагдах олон улсын ангиллын талаарх заавартай дахин нэг танилцаад аваарай. Мэдүүлэг гаргахад хэрэг болох юм шүү.
Энэ сэдвийн хүрээнд өмгөөлөгч Нэргүйтэй хамт ярилцаж, подкаст бичсэнийг доорх холбоосоор орж сонсоно уу.
Амжилт!