Сүүн ааруул

dooreed
2 min readMar 16, 2023

--

Цагаан сараас үлдсэн сүүн ааруулаа мэрээд л сууж байна. Худалдаж авахдаа амсаж үзээд “аан энэ яг нөгөө Архангайн сүүн ааруул ” гэж итгэж авсан юмсан. Энэ нь ээжийн сонголттой хамгийн ойр амт байсан учраас тэр. Гэхдээ энэ ааруулыг сонгож авахад гаднаа ямар ч брэнд нэр, тохирлын болон гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. Тэгсэн өнөөдөр хуралд хамт суусан эгч “чи бидний хотоос авдаг Архангайн гэгдэх сүүн ааруул бүгд хуурамч, яг ориг нь шаал өөр амттай юм билээ” гэхийг сонслоо #SAD.

Би санадаг юм. Аав буурал ааваас өвлөж ирсэн томоо модон аягыг Сэврэй хийцийн мөнгөөр бүрээд цэвэрхэн мөртлөө доод хэсгээрээ сонин гинжин юм шиг мөнгөн аяга болгочихож билээ. Тэгж л анх Сэврэй хийц нь мөнгөн эдлэлийн нэг төрөл юм байна гэдгийг үзсэнсэн.

Энэ мэтчилэн нугасгүй дуртай Булган аймгийн Сайханы айраг, Ховдын аль эсвэл Өмнөговийн тарвас бас улаан лооль, Уянга хийцийн гэр гээд л уран дархан хийцтэй эдлэл, хийц бүгд үлгэр домог шиг ам дамжин өвөө, аав нарын үед өвлөгдөж танигдаж ирсэн ч бидний үед ирээд цааш дамжуулах байтугай өөрсдөө таних аргагүй дуусах нь #SAD. Таньж мэдэх ч арга алга шүү дээ. Ядаж шошго ч алга

Гэхдээ ажил мэргэжлийн хувьд үүнийг хадгалан хамгаалах МЭДЛЭГ БОЛОМЖ байна.

энэ бол

ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ = GEOGRAPHICAL INDICATIONS

Бидний мэдэх Champagne (Шампанск), Cognac (Конъяк), Bordeaux дарс шарз, бүр эсвэл Darjeeling цай, Гималай уулын ягаан давс г.м. бүгд дээр дурдсантай адил ГАДААДЫН бүс нутгийн гойд онцгой уламжлал, байгал цаг уураас хамаарсан ургамлын амт, түүнийг тариалан ургуулж, хураах, эсгэх арга технологиос хамааралтай бүтээгдэхүүнийг ХАА БАЙСАН МОНГОЛЫН ИРГЭД БИД ТАНЬЖ МЭДЭЖ, СОНГОН ХУДАЛДАН АВЧ БАЙГАА НЬ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЮМ. Тэгвэл бид яагаад дотоодын онцлог бүтээгдэхүүнийг энэ мэтчилэн хөгжүүлж, уламжлалт арга технологи, мэдлэгийг тэр хэвээр нь хадгалан хамгаалах зохион байгуулалтад ороод, хойч үедээ өвлүүлэн үлдээж, мань мэт хотын баачка нар таньж мэдтэл нь хөгжүүлж болохгүй гэж…

Хэд хэдэн байгууллагуудад мэдээлэл хүссэн албан тоот илгээчихсэн хариу хүлээж байна. Бүгдээрээ гадны бүтээгдэхүүнийг таньж мэдэж, мөнгөө төлж, худалдан авдаг шигээ, дотоодын онцлог бүтээгдэхүүнээ таньж мэдэж, сонгон авч, хуурамч бол түүнийг зогсоодог, тэрхүү технологи уламжлалыг хариуцах эзэнтэй, таньж мэддэг хэрэглэгчидтэй болгомоор байна.

Энэ ажилд маань тус нэмэр болооч..

Энгийнээр хэлбэл, хэрэглэгч би Цагаан сараар жинхэнэ ориг Архангайн сүүн ааруулыг худалдаж авмаар байна. Зун амралтаараа хамаг дуртай жинхэнэ Сайханы айргийг авч уумаар байна..

Иймээс..

Өмнөговийн Сэврэй хийцийн дархан юм бол, Чи хамтраач
Булган аймгийн Сайханы айраг эсгэдэг адуучин, Чи хамтраач
Дорнод аймгийн Халх голын зөгийн бал үйлдвэрлэгч, Чи хамтраач…

… өшөө миний мэдэхгүй байгал, цаг уур, өв соёлтой холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЧИ холбогдооч

Бүгдээрээ нийлж хамтраад зохион байгуулалтад ороод, хяналт стандарт, өв соёлоо хамгаалах дүрэм журам, тодорхолойлолтоо боловсруулаад ОЮУНЫ ӨМЧӨӨР БҮРТГҮҮЛЖ ХАМГААЛЦГААЯ АА!

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet