Миний бие барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн ОӨГ-т мэдүүлэх, ингэхдээ юу анхаарах талаар сургалт хийдэг байлаа (вирусээс өмнөх сайхан цагт) л даа. Сургалтын агуулгад барааны тэмдгийг хэн түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчмын тухай тайлбарладаг юм. Тэгтэл яасан гээч..
Сургалтад маань суусан хүн өөрийн нэр дээр хоёр өрсөлдөгчийнхөө лого-г бүртгүүлэхээр мэдүүлчихэв. Ингэж болох уу?
Мэдээж үгүй, БОЛОХГҮЙ!!!
Хэдий хэн түрүүлж эрхээ хамгаалсан нь хожиж байгаа мэт боловч бүхий л оюуны өмчийн тухай хууль, тогтоомж, олон улсын гэрээ “шударга өрсөлдөөн”-ийг дэмжих, зохиогч, зохион бүтээгч бүтээлийнхээ үр шимийг шударгаар хүртэх боломжийг хангахад чиглэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хэдий түрүүлээд ОӨГ-т бүртгүүлчихэж байгаа мэт боловч, жинхэнэ бүтээгч өөрийн үйл ажиллагааг шударгаар явуулж ирснээ нотлож чадвал “муу санаат” хуурамч этгээд эцэстээ ялагдах юм. Энэхүү жинхэнэ гэдгээ нотлох арга зам нь нээлттэй, гэхдээ цаг хугацаатай юм шүү.
Иймээс Таны хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хэн нэгэн оюуны өмчид бүртгүүлсэн, бүртгүүлэхээр завдсан байх вий гэдгийг хянаж байх нь зүйтэй. ОӨГ-ын мэдээллийн сангийн талаар подкаст бэлтгэсэн тул эндээс мэдээлэл аваарай.
Аз болж дээрх кэйсийн хувьд жинхэнэ эзэмшигч цаг алдалгүй бидэнд хандаж, хуурамч этгээдийг мэдүүлгээсээ татгалзах шийдвэр гаргуулж чадсан.
Нөгөө талаар миний хувьд сургалтынхаа агуулгад анхаарах томхон сургамж боллоо.
#оюуны_өмч #патент-ын талаар асуух зүйл байвал #dooreed хандаарай