Брэнд нэр, логондоо анхаарч, түүнийгээ хамгаалах хүсэлтэй хэн бүхэнд зориулан #trademarked in Mongolia нэртэй facebook хуудас болон Подкаст эхлүүллээ.
Энд барааны тэмдгээ хэрхэн хамгаалах, мэдүүлгийг Оюуны Өмчийн Газарт хэрхэн мэдүүлэх, юуг анхаарах талаар цуврал заавар бэлтгэн хүргэх юм.
Хамгийн анхны постоороо дараах мэдээллийг бэлтгэсэн юм.
Алхам 1. Барааны тэмдэгт тавигдах шалгуур
Бусдын логог дуурайхгүй, урьд нь бүртгэгдээгүй байх, хамгийн гол нь логог ашиглах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тайлбарлаагүй байх ёстой. Жишээ нь: ориг, гоё, талх, монгол зэрэг үгс эрхийн хамгаалалтанд тооцогдохгүй.
Алхам 2. Хайлт
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Global Brand Database мэдээллийн сангаас улс орнуудын бүх бүртгэлтэй барааны тэмдгийн мэдээллийг харах боломжтой. Ингээд Монгол улсад таны лого бусдын нэр дээр бүртгэгдсэн эсэх, хэн нэгнийхийг дуурайсан эсэхийг шалгаж үзээрэй.
Алхам 3. Мэдүүлэг
Барааны тэмдгийн мэдүүлгийн маягт, тэдгээрийн бүрдлийг эндээс татаж, зааврын дагуу бөглөн Оюуны Өмчийн Газарт мэдүүлнэ.
Алхам 4. 6–9 сар хүлээх
Барааны тэмдэг бүртгүүлэх хуулийн хугацаа 6–9 сар байдаг ч энэ хооронд та логогоо ашиглах боломжтой. Парисын Конвенцд нэгдэн орсон улс бүрт барааны тэмдгийн бүртгэлийн үйл явц нэгэн адил үйлчилдгийг анхаараарай.
Түүнчлэн энэ хугацаанд Алхам 1–2-т заасан зүйлийг хангаагүй бол Оюуны Өмчийн Газраас урьдчилсан татгалзал гарах эрсдэлтэй. Гэхдээ та санаа зовох хэрэггүй, татгалзал хүлээн авснаас хойш 3 сарын дотор хариу тайлбар гаргаж болно. Үндэслэл, тайлбараа сайн биччихвэл давах боломжтой юм шүү.
Алхам 5. Гэрчилгээ
Ингээд 6–9 сарын дараа Оюуны Өмчийн Газраас бүртгэсэн эсэх эцсийн шийдвэр буюу Гэрчилгээ эсвэл Татгалзал гарна.
Барааны тэмдгийн гэрчилгээг 10 жил тутамдаа сунгах боломжтойг анхаараарай.