Барааны тэмдгийн олон улсын ангиллыг тодорхойлох заавар

dooreed
3 min readOct 30, 2018

--

ААН-ийн бусдаас ялгарах хамгийн гол зэвсэг бол брэнд юм. Энэ нь компанийн нүүр царай болох нь элбэг байдаг. Харин эрх зүйн орчинд түүнийг барааны тэмдэг гэж нэрлэнэ. Монгол улсын Барааны тэмдэг, Газар зүйн заалтын тухай хуулиар барааны тэмдэг буюу брэндийг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүний эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Барааны тэмдгийг өөрийн болон ААН-ийн нэр дээр бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэхийн тулд Төрийн захиргааны байгууллагад хандан мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл Оюуны Өмчийн Газарт (ОӨГ) өргөдлөө мэдүүлэх юм. Эсвэл та зөвлөгөө авч, мэдүүлэг боловсруулах үйл явцыг хөнгөвчлөхийн тулд Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн мэдүүлэх бас боломжтой.

Тун саяхнаас манай улсын ОӨГ, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай (ДОӨБ) хамтран Олон улсын барааны тэмдгийн системийг (MGS) монгол хэл рүү хөрвүүлж мэдүүлэг бөглөхөд хялбар болсон. Тиймээс барааны тэмдэгтээ эрхийн хамгаалалт хийлгэх гэж буй бизнес эрхлэгч танд уг системийг хэрхэн ашиглах талаар зааварчлан хүргэе.

Барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний олон улсын ангиллыг тодорхойлох шаардлагатай болдог. Харин таны эрхэлж буй бизнес чухам аль ангилалд багтахыг энэхүү MGS систем тодорхойлж өгнө. Үүний тулд:

1. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын вэбсайтыг нээх — www.wipo.int

2. ДОӨБ-ын вэбсайтын хайлтын хэсэгт MGS гэж бичин хайх

3. Хайлтын эхэнд гарч буй MGS — Madrid good & Services Manager буюу барааны тэмдгийн MGS системийг сонгох

4. Нээгдсэн цонхны баруун дээд хэсэг дэх сонголтоос МОНГОЛ хэлийг сонгох

5. Ингээд систем монгол хэл дээр ойлгомжтой болно. Жишээ нь та цүнх үйлдвэрлэдэг бол ХАЙХ хэсэгт “цүнх” гэж бичвэл улаанаар тодруулсан хэсэгт үзүүлсэнчлэн хайлтын үр дүн гарч ирнэ. Дөрвөлжинд тодорсон тоонууд бол барааны тэмдгийн олон улсын ангиллын дугаарууд юм. (“Гүйлгэн харах” хэсгээс барааны тэмдгийн бүх ангиллыг үзэх боломжтой).

6. Хайлтад гарсан үр дүнгээс сонголтоо хийж дарахад доорх байдлаар сонголтууд баруун тал руу шилжин хадгалагдана. Улаанаар тодруулсан 9, 18 дугаарууд бол таны мэдүүлэх гэж буй барааны тэмдгийн олон улсын ангиллын дугаар юм.

7. “Жагсаалтыг экспортлох” гэсэн товчлуурыг даран та сонгосон бараа, үйлчилгээнийхээ жагсаалтыг word file-аар татаж авна. Ингээд татаж авсан жагсаалтаас барааны тэмдгийн мэдүүлэгтээ COPY/PASTE хийж ангилал хэсгээ бөглөх юм.

TIP: Барааны тэмдгийн мэдүүлгийг Оюуны Өмчийн Газрын хуучин вэбсайтаас (www.ipom.mn) татаж аваарай.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet