Дистрибютерүүдэд хамаарах оюуны өмчийн асуудал

dooreed
2 min readDec 27, 2018

--

Олон улсын зах зээл дэх ширүүн өрсөлдөөн дунд “хэлмэгдэж” орхисон монголын дистрибютер компанийн жишээнээс цухас дурдъя. Үүнийг импортлогч хэн бүхэн анхаарах хэрэгтэй учраас хуваалцахаар шийдлээ.

Өргөн хэрэглээний ч бай, зорилтот зах зээлийн ч бай олон улсад танигдсан бүтээгдэхүүний гол ялгагдах зүйл бол Trademark буюу барааны тэмдэг байдаг. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүнийг зөвхөн лого, брэнд нэрээр ялгаж сонголтоо хийдэг шүү дээ.

Харин бидний сонголтод нөлөөлөхийн тулд тэрхүү үйлдвэрлэгчид маш олон аргаар өрсөлддөг ажээ. Саяхан манай харилцагч дистрибютер байгууллага олон улсын зах зээлд өрсөлддөг хоёр том компанийн дунд хэлмэгдэж орхисон юм.

ОХУ-ын “А” компани, Чехийн “М” компани хоёул ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь өргөн хэрэглээний бараа тул монголын дистрибютер компаниуд маш олноор импортлон оруулж ирдэг. Хоёр өрсөлдөгчийн бүтээгдэхүүний брэнд нэр, лого хоорондоо бараг л ижилхэн. ОХУ-ын “А” компани барааны тэмдгээ Монгол улсад бүртгүүлсэн боловч Чехийн “М” компани бүртгүүлээгүй байжээ.

Өрсөлдөгчийнхөө барааны тэмдгийг Монгол улсад бүртгэлгүй гэдгийг ОХУ-ын “А” компани мэдсэн тул Монголын оюуны өмч хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бусад арга хэмжээ авч болох бүхий л байгууллагад хандсан байна. Ингэхдээ ОХУ-ын “А” компанийн барааны тэмдгийг дуурайлган, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж, хуурамч бүтээгдэхүүн борлуулсан гэх үндэслэлээр Чех улсаас импортлон оруулж ирдэг монголын дистрибютер компанийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийг хураахад хүрсэн юм. Ингэж л томоохон өрсөлдөгчдийн дунд манай харилцагч хэлмэгдсэн юм даа.

Энэхүү тохиолдлоор аливаа оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ижил, төсөөтэй бүтээгдэхүүн импортлох нь эргээд эрсдэлтэй бизнес болохыг харуулж байна. Иймээс зөвхөн үйлдвэрлэгч бус импортлогчид та бүхэн өөрийн болоод харилцагч байгууллагынхаа оюуны өмч (дор хаяж барааны тэмдэг) Монгол улсад бүртгэлтэй эсэхэд анхаараарай.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet