Тендер ба оюуны өмч
Хааяа нэг “тендерт оролцож байгаа юмаа, патент эсвэл ямар нэгэн тодорхойлолт яаралтай авах гэсэн юм” гэж асууж ярьдаг л даа.
Зорьсон хэргийг нь лавлаж үзвэл:
манай байгууллага албан ёсны гэрээтэй борлуулагч/үйлдвэрлэгч. Манайхыг албан ёсны гэдгийг баталгаажуулсан патент юм уу, тодорхойлолт авах гэсэн юм. Тендерийн бусад бүх шаардлагыг хангаж байгаа боловч оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан байх гэсэн шаардлагыг хангахгүйд хүрээд байна. Гэрээг маань албан ёсных гэдгийг баталгаажуулсан баримт хэрэгтэй байна.
Оюуны өмчийн талаар ойлголттой хүмүүс гайхаж магадгүй л дээ. Гэхдээ үнэхээр хэд хэдэн ийм дуудлага хүлээж авсан юм шүү.
Энэ бол цэвэр хоёр тал хоорондын гэрээ. Түүнийг зөвхөн А & Б хоёр тал хоорондоо хийж байгаа болохоос Оюуны өмчийн байгууллага дундуур нь орж гэрчлэхгүй.
Патентыг зөвхөн технологийн дэвшилтэт арга, техник шингэсэн, цоо шинэ нээлт бүхий бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэх аргад олгодог. Ингэхдээ уг бүтээл үнэхээр дэвшилтэт байна уу, өмнөх технологиос ялгагдаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байна уу гэдгийг бараг л 2 жилийн хугацаанд шүүж, харьцуулж, шалгаж байж патент олгох эсэх талаар шийдвэр гардаг.
Бусад оюуны өмчийн эрхийн хамгаалалтууд ч тэр тус тусын шаардлагыг тавьдаг тул тийм ч хурдан яаралтай бүртгэгддэггүй, дээрхтэй адил зарчим баримтална.
Хаанаас тендер зарласныг мэдэхгүй ч тендер зарлахдаа боломжгүй зүйл шаардаж байгаагаа тэдгээр байгууллагууд ойлгоосой гэж хүсч байна. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт гэдэг нь аливаа оюуны бүтээлч үйл ажиллагаа шингэсэн уран бүтээл, аж үйлдвэрийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн арга технологи, цоо шинэ загвар, эдгээрийг ялгах зорилготой худалдааны тэмдэгт л хийгддэг учраас хэн нэгний гэрээг гэрчлэх зүйл биш юм. Үүнээс гадна компаниуд тэр бүр технологийн нээлт, дэвшил нэвтрүүлээд байхгүй шүү дээ.
Харин ..
Зөвхөн оюуны өмчийн онцгой эрхтэй гэрээний зүйлийг Оюуны Өмчийн Газарт бүртгүүлэх ёстой. Энэ бол тендерт зориулсан тодорхойлолт биш бөгөөд зөвхөн тухайн оюуны өмчийн эрхэд хамаарах зүйлийг Монголд улсад онцгой эрхтэйгээр ашиглаж байгаа болохоо бүртгүүлсний үндсэн дээр уг гэрээ хүчин төгөлдөр болно гэж үздэг.
Яагаад?
Чөлөөт зэх зээлд хэн ч хаанаас ч ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх эрхтэй. Ширүүн өрсөлдөөнийг хязгаарлахын тулд оюуны өмчийн гагцхүү онцгой эрхтэй гэрээ хийснээр зах зээлээ хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл Оюуны Өмчийн Газар болон Гаалийн байгууллагад оюуны өмчийн онцгой эрхтэй гэрээгээ бүртгүүлж байж эрхээ хэрэгжүүлэн, зэрэгцээ импортыг хязгаарлах юм. Эдгээр байгууллагуудад хэний оюуны өмчийн эрхийг хэн онцгой эрхтэйгээр ашиглаж байгаа нь тодорхой бүртгэгдсэнээр таны эрхийг хэрэгжүүлэх, хязгаарлалтыг хийхэд шаардлагатай байх юм.
АНХААР!
Онцгой эрхтэй гэрээ мөн албан ёсны дистрибютерийн гэрээг Оюуны өмчийн онцгой эрхтэй гэрээнээс ялгах хэрэгтэй шүү!! Зөвхөн оюуны өмчийн эрхэд хамаарах зүйл гэдгийг анхаар!
Энгийн гэрээ, албан ёсны дистрибютерийн гэрээгээ барьж очоод бүртгүүлэх гээд байв аа.