Миний бие “оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх ажил эрхэлдэг юм. Ингээд тун саяхан тохиолдсон шинэ кэйс туршлагаасаа хуваалцъя.
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдэрлэдэг япон компани (1992 онд байгуулагдсан) Монголд бараа, бүтээгдэхүүнээ борлуулахаар зэхэж, барааны тэмдгээ Монгол улсын Оюуны Өмчийн Газарт (ОӨГ) бүртгүүлэхээр мэдүүлжээ. Гэтэл түүний барааны тэмдэг дэлхийн даяар нэрд гарсан 1990 онд аль хэдий нь Монголд бүртгэгдчихсэн Германы компанийхтай (1876 онд байгуулагдсан) нэгхэн үсгийн зөрүүтэй, ижилхэн брэнд бүтээгдэхүүн болж таарсны улмаас Монголын ОӨГ бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэр гаргасан байна. Учир нь манай улсад уг брэнд бүтээгдэхүүн өргөн хэрэглээнд хэдий нь нэвтэрсэн тул бараг л ижил брэнд нэртэй болохоор хэрэглэгчид андуурч авах эрсдэлтэйн дээр Герман компанийн эрх ашгийг хөндөхөөр байгаа юм.
Ингээд миний ажил эхэлж байна. Япон компанийг би төлөөлөхөөр боллоо. Тэд надаас юу шаардсан гээч, Германы компанитай холбогдож, тэднийхтэй бараг л ижил брэнд нэрээр Монгол улсад бүртгүүлэхийг зөвшөөрүүлэх бичиг ав гэж даалгав. Өөрөөр хэлбэл уг барааны тэмдгийн онцгой эрх буюу ашиглах, бусдад төлбөртэйгөөр ашиглуулахаас гадна хэрэв ижил төсөөтэй бүтээгдэхүүн борлуулж байвал түүнийг зогсоохыг шаардах онцгой эрх нь гагцхүү Германы компанид бий учраас тэднээс зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм.
Юутай ч албан захиа, хэнээс хэнд ямар эрх олгож байгаа, ямар бүтээгдэхүүнд хамаарах мөн хоёр талын барааны тэмдгийн мэдээллийг багтаасан төслөө бэлдчихэв.
Аз болж Япон талаас надад “БНХАУ-д яг ийм зөвшөөрөл авч байсан юм” гээд Герман компанид 2014 онд ажиллаж байсан хүний имэйл хаягийг өгсөн. Ингээд албан захиагаа, нөгөө зөвшөөрөл олгуулахаар бэлдсэн төслөө ч хамт явуулчихав. Хэрэв зөвшөөрвөл энэхүү төслийг албан бичиг дээрээ шууд гаргаж, гар хөлийг үсгээ зураарай гээд л ..
Тэгтэл 7 хоногийн дотор нөгөө төслийг маань өөрийн албан тоот дээрээ ямар ч өөрчлөлтгүйгээр зураад явуулчихсан. Одоо үүнийгээ Монголын ОӨГ-т зөвшөөрчихлөө нөгөө Герман компани чинь гээд л тушаачихна даа. ОӨГ уг зөвшөөрлийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчийн маань барааны тэмдгийг бүртгээд авчихна гэж найдаж байгаа.
Энэ зөвхөн барааны тэмдгийн тухай биш шүү. Нөгөө талаар энэ үйл явц хэд хэдэн үр дагаврыг дагуулж байгаа юм аа:
- Мэдээж бараг л ижил нэртэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүн манай зах зээлд борлуулагдаж эхэлнэ.
- Үүнийг дагаад хэрэглэгчдийн дунд эдгээр бүтээгдэхүүнийг андуурч авах тохиолдол гарах байх. Гэхдээ Герман компани өөрөө зөвшөөрсөн юм чинь одоо яаая гэхэв.
- Харин Германы бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг монголын импортлогчдод шинэ өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Тэрхүү импортлогчдын борлуулалтад сөрөг нөлөөтэй байх нь.
…
Барааны тэмдгийг бусдад ашиглуулах олон арга зам байгааг харуулсан шинэ сонирхолтой кэйс байгаа биз.