Өнгө VS Оюуны өмч

dooreed
2 min readMay 26, 2020

--

Логог нь харуулалгүйгээр алдартай 10 автомашины брэндийг 100 хүнээр зуруулсан тухай сонирхолтой судалгаа уншлаа. Судалгаанд оролцогчдын 80% нь өнгө, 78% нь хэлбэр, ердөө 12% нь логоны деталь бүрийг зөв тааж зуржээ. Үүнээс дүгнэхэд хүний оюун санаанд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол яах аргагүй өнгө юм.

Эх сурвалж: https://www.vanmonster.com/en-gb/motoring-logos-from-memory#outro

BMW автомашины логог зурсан 100 хүнээс:

92% нь цэнхэр, цагаан өнгөний хослолыг зөв тааж;

59% нь хуваагдсан дүрсийг зөв тааж;

7% — гадна талын дугуй дүрсийг огт зураагүй байна.

(судалгааны бусад үр дүнг энд дарж үзээрэй)

Өөрөөр хэлбэл брэнд лого, цаашлаад бүтээгдэхүүний сав баглаа, боодлын өнгө худалдан авагчийн сонголтод хэрхэн нөлөөлж болохыг харуулж байна.

Лангуун дээр ижил нэр төрлийн олон бүтээгдэхүүн эгнээтэй байлаа гэж бодоход хэрэглэгч хамгийн эхэнд өнгөөр таньж сонгох нь байна шүү дээ. Иймээс үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад, лого захиалж хийлгэхдээ ч тэр эрэлт талаас харгалзан үзэж өнгөнд нэлээдгүй анхаарал хандуулах хэрэгтэй.

Тэгвэл өнгө, өнгөний хослолыг оюуны өмчөөр хамгаалж болохыг мэдэх үү?

Жишээ нь банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр Хаан Банк ногоон өнгийг өөрийн барааны тэмдгээр Оюуны Өмчийн Газарт бүртгүүлсэн байдаг.

Гэх мэтчилэн зөвхөн тодорхой нэг чиглэл, нэр төрлийн бүтээгдэхүүний ангилалд тэрхүү сонгосон брэнд өнгөө барааны тэмдгээр хамгаалах боломжтой юм.

Ингэснээр тухайн нэр төрөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилалд сонгосон ӨНГӨӨРӨӨ онцгой давуу эрхтэй байх юм. Үүнээс гадна ӨНГӨ хэрэглэгчдийн дунд танигдах, сонголтод нь хүчтэй нөлөөлж буй учраас маркетинг, зар сурталчилгааны зардалд ч нэмэртэй, хэмнэлттэй.

Гэхдээ..

Нөгөө талаар брэнд логоны хувьд өнгө чухал биш, цаашдаа өнгө нь өөрчлөгдөхөөр бол Оюуны Өмчийн Газарт барааны тэмдгээ хар цагаанаар бүртгүүлэх нь зүйтэй. Энэ нь таны барааны тэмдэг бүх өнгөөр хамгаалагдахыг илэрхийлж буй хэрэг юм.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet